Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК, 2730 метр квадрат бүхий MFC East Log шинэ агуулахаа бүрэн ашиглалтад орууллаа

Монос Хүнс ХК, 2730 метр квадрат бүхий MFC East Log шинэ агуулахаа бүрэн ашиглалтад орууллаа

2026.07.29

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК Зүүн бүсийн шинэ агуулахаа өнөөдөр албан ёсоор нээж, бүрэн ашиглалтад орууллаа.



Тууз хайчлах ёслолд Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон менежментийн баг, Монос группийн захирлууд, барилгын ажлыг гүйцэтгэсэн Өрнөх хийморь ХХК-ийн төлөөлөгчид, зураг төслийн гүйцэтгэгч “Пи Си Ди Пи” ХХК-ийн харилцагчид оролцлоо.



Арга хэмжээг Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд нээж үг хэлсэн бол Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Отгондарь MFC East Log агуулахын бүтээн байгуулалтын үр дүнг танилцуулав.



2730 метр квадрат талбай бүхий MFC East Log нь хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай бөгөөд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн барьсан агуулах юм.

Энэхүү төслийн үр дүнд компани Зүүн бүсийн харилцагч, хэрэглэгчдэдээ хүнсний бүтээгдэхүүнээ илүү түргэн хүргэх боломжтой боллоо.

Практик ач холбогдол
Шинэ агуулах нь Монос Хүнс ХК-ийн ложистикийн сүлжээг бэхжүүлж, дараах давуу талуудыг бий болгож байна:

  • Зүүн бүс дэх хадгалалт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний хүрэлцээг сайжруулна.
  • Улаанбаатар хотын төв замын ачааллыг бууруулж, тээвэрлэлтийн зай, шатахууны хэрэглээг багасгаснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шууд нөлөө үзүүлнэ. 
  • Нарны панель суурилуулснаар цахилгааны зарим хэрэгцээгээ (10 кВт хүртэл) нарны эрчим хүчээс бүрдүүлэх юм.
  • Дулааны алдагдлаас сэргийлсэн ухаалаг зохион байгуулалтаар эрчим хүчийг хэмнэнэ. 

 Энэхүү бүтээн байгуулалт нь бидний эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд илүү ойртуулах, тогтвортой байдлаар хүргэх урт хугацааны төлөвлөгөөний нэг алхам юм.